Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон гол гаталж явсан хүмүүс усанд осолдож, 27 настай залуу бүсгүй наймхан сартай хүүгээ тэвэрсээр хил даван урсан одсон дүр зураг одоо ч сэтгэлээс минь гарахгүй, яагаад ч юм хаа нэгтээ амьд байгаа юм шиг санагдаад байх юм. Нэхийн чинээ мөсөн дээр өөдөсхөн хүүгээ тэврэн үхэл амьдралын заагаас зууралдан байхдаа ч тэр бүсгүй гайхалтай зоригтой байж, усанд живж байсан нөхөртөө амьдрах тэнхлийг үгээрээ хайрлажээ.
Тэрбээр нөхөр Ш.Ганбатыгаа усанд живж байхыг хараад “Миний хань чадна. Зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүддээ амьд үлдэх ёстой. Чи чадна аа” хэмээн зоригжуулж байжээ. Ш.Ганбатынх гурван хүүтэй айл аж. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван настай. Харин бага хүү нь өнгөрсөн хавар төрсөн Г.Шинэбаяр аж. Н.Саранчимэг гурав дахь хүүгээ төрөхөд ихэд баярлаж, нөхөртөө “Ганбаа найз нь чамд хөөрхөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна.
Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дархан бэр боллоо шүү дээ. Гурван хүү төрүүлбэл дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарна аа” гэж ярьж байжээ. Гэвч одоо бүх юм орвонгоороо эргэв. Хэрвээ тэр нэгэн өдөр гол гатлан аймаг орчихоод буцаж явахад нь мөс цөмрөөгүй бол. Аврагчид техник хэрэгслээр бүрэн хангагдаж, тэрнээсээ ч илүү сэтгэл, зориг зүрхтэй байж шуурхай ажилласан бол эх, хүү хоёрыг аварч болох байжээ гэж бодохоос гол зурагдаад байх юм.
Тэгсэн бол өдийд дархан бэр маань халуу дүүгсэн гэртээ нөхөр хүүхэддээ будаатай цайг нь хийж өгөөд инээгээд Монголын минь нэг гэр бүл аз жаргалтай элэг бүтэн байх байсан гэж бодогдоно. Аврагчид олон хоног хайгаад олоогүй болохоор нэг л муу совин татаад байх юм. Тэр их хүйтэн ус мөсөн дунд эх хүү хоёр тэслээ тэслээ гэхэд хэдэн цаг тэсээ аж.Ямартай ч үхэл амьдралтай тэрсэлдэн зургаан цаг амьд байж. Хамт урсаж явсан Г.Цэрэнням гуайд “Би чанга орилохоор хүү айж, уйлаад байна. Харин та чимээ өгөөд орилоод байгаарай” хэмээн хэлж байжээ. Эх хүйтнийг яс махаараа мэдэрч байсан ч хүүгээ халуун энгэртээ тэвэрч, бас хөхөө хөхүүлж, хүүгээ айж цочоохгүй гэсэндээ аврал эрэн чанга ч орилж чадахгүй явж.Эх хүний үрээ гэсэн сэтгэл ийм хүчтэй ажээ. Бүх биеэр нь мөс гүйх мэт хүйтнийг хэдэн цагаар тэвчин байхдаа ч тэр биднийг хүмүүс ирж аварна даа гэсэн итгэлээ гээгээгүй гэдэгт нь итгэж байна. Тэр үхэлтэй эцсээ хүртэл тэмцэлдэхдээ үрээ халуун энгэрээсээ салгалгүй байж, үхэл айдсыг тэр бяцхан зүрхэнд мэдрүүлэлгүй тас тэврэн мөнхий харанхуй руу одохдоо гэрэлт наран тэр хоёрыг түмэн цацрагаараа бүчин авч, эвлэг зөөлөн энхрий дулаанаар ээж байгааг мэдэрч, нөхөр гурван хүүгээ сүүлчийн удаа харсан байх гэж бодохоос өр өвдөх юм.Бүсгүйн аврал эрэх чимээ шөнө хилийн цэргийнхэнд сонсогдсон гэх авч очоод эх, хүү хоёрыг аварчих зоригтой аавын хүү тангараг өргөсөн эрсээс минь нэг ч байсангүй. Гавьяат Жагаагийн дуулсан “Эрхүүгийн хавар” дууны клипэнд гардаг шиг тосгоны буриад баавай тэр хоёрын минь амийг аварч, асран тэнхрүүлж суух вий гэж дэмий л өөрийгөө хуурах юм.
Үрээ тэвэрсэн бүсгүй хүн хамгийн жаргалтай байдаг ч үхэлтэй нүүр тулахаараа эх хүний үрээ гэсэн сэтгэл юунаас ч айхгүй хатан зоригтон болдог аж. Монголд минь ийм Саранчимэгүүд олон байгаа. Хатан зоригт монгол бүсгүйчүүдээ хайрлая, эрчүүд ээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"