2012-12-08
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн газраас өнгөрсөн сард хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ ханш ямар байсан тухай мэдээллээ.
Судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.4, ямааны махны үнэ 6.2 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 6.2 хувиар өссөн аж.
Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол, адууны махны үнэ 0.8 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсчээ. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар 1 кг хонины (ястай) махны үнэ дунджаар 6075 төгрөг, хонины цул мах 6380, үхрийн (ястай) мах 7044, үхрийн цул мах 8156, ямааны мах 4700, адууны мах 5543 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.8 хувиар өссөн бол, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ тогтвортой байжээ. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байсан байна. Мөн будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байгаа аж.
Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна гэсэн дүн гарчээ.

Бичсэн: Оюударь | цаг: 13:59 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 102 удаа уншигдсан.



:-)
 
xaax